Урсгал тэнцлийн алдагдал

Монгол улсын хувьд урсгал тэнцэл сүүлийн жилүүдэд дараалан алдагдалтай гарсан (Зураг 1). Тухайлбал, 2011 оны байдлаар урсгал тэнцлийн алдагдал 2.8 сая ам.доллар буюу ДНБ-ий 26.5 хувьтай тэнцэж байсан бол 2016 онд 0.7 сая ам.доллар буюу ДНБ-ий 6.3 хувьтай тэнцэж, олон жил тасралтгүй алдагдалтай гарсаар иржээ. Түүнчлэн, манай улс гадаад орнуудаас их хэмжээгээр зээл болон бусад хэлбэрээр хөрөнгө татаж, дотоодын хадгаламжаасаа давсан хөрөнгө оруулалт хийж байгаа нь урсгал тэнцэл алдагдалтай гарахад хүргэж болно.Урсгал тэнцэл алдагдалтай гарах нь богино хугацаанд муу үзэгдэл биш боловч, арга хэмжээ авахгүйгээр урт хугацаанд уг алдагдал үргэлжлэх нь гадаадын өр төлбөрийг нэмэгдүүлж, манай улсын төлбөрийн чадварыг бууруулан эдийн засгийн тогтвортой байдал алдагдахад хүргэнэ (IMF, 2017). Улмаар төлбөрийн чадвар буурч манай улсын зээлийн эрсдэл нэмэгдсэнээр хүү өсөх шалтгаан болно.