card

Нийгмийн даатгалын сангийн 2012-2020 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын дүн шинжилгээ: Сангийн удирдлагыг боловсронгуй болгох талаарх санал зөвлөмж

Зөвлөх үйлчилгээний нэр: Нийгмийн даатгалын сангийн 2012-2020 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын дүн шинжилгээ: Сангийн удирдлагыг боловсронгуй болгох талаарх санал зөвлөмж 
Байршил: Улаанбаатар
Захиалагч: Нээлттэй нийгэм форум
Төсөл хэрэгжүүлсэн он: 2020
Төслийн товч танилцуулга:  Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын Нийгмийн даатгалын сангийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтыг 2012-2020 оныг хамруулсан дүн шинжилгээ хийлээ. Үүнээс гадна хамгийн чухал нь сангийн удирдлагыг боловсронгуй болгох талаар санал зөвлөмж боловсруулахыг зорьсон бөгөөд уг судалгааны ажлыг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төвийн судлаачид 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сард хийж гүйцэтгэлээ.Судалгааны гол үр дүнгүүдээс онцолбол, 2012 оноос өнөөг хүртэл Монгол Улсын нийгмийн даатгалын орлого, зарлагад тэтгэврийн даатгалын сан голлох нөлөөтэй явж ирсэн ба уг сан алдагдалтай ажиллаж улсын төсвөөс татаас авч ирсэн байна. Мөн ажилгүйдлийн даатгалын сан 2019 онд алдагдалтай байжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдэлтийн хамгийн том хэсгийг шимтгэлийн орлого бүрдүүлдэг ба 2012-2020 онд тасралтгүй нэмэгдэж ирсэн нь шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэнтэй холбоотой. 

2020 оны батлагдсан төсөв, төсвийн тодотгол, 2021 оны төсвийн төсөлд хийсэн шинжилгээ

Зөвлөх үйлчилгээний нэр: 2020 оны батлагдсан төсөв, төсвийн тодотгол, 2021 оны төсвийн төсөлд хийсэн шинжилгээ
Байршил: Улаанбаатар
Захиалагч: Нээлттэй нийгэм форум
Төсөл хэрэгжүүлсэн он: 2020
Төслийн товч танилцуулга:  Судалгааны ажлын хүрээнд 2020, 2021 оны улсын төсвийн төсөөллийн шинэчилсэн тооцоог хийж батлагдсан төсөв, тодотгол болон өргөн барьсан төсөлтэй харьцуулж судаллаа. Эдийн засгийн өсөлт, экспортын үнийн шинэчилсэн төсөөлөлтэй уялдуулан  улсын төсвийн төсөөллийг хийж гүйцэтгэлээ. Уг тооцооллоор 2020 болон 2021 оны улсын төсвийн төсөлд төсвийн орлогыг өөдрөг төсөөлсөн байгаа нь ажиглагдлаа. 2020, 2021 оны төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт, өрхийн амьжиргааг дэмжиж байгаа боловч дотоодын зах зээлээс нийтдээ 2770 тэрбум төгрөг татахаар байгаа нь урсгал тэнцлийн алдагдал, гадаад валютын нөөцөд дарамт болохоос гадна үүсээд байгаа зээлийн тасалдлыг гүнзгийрэхэд нөлөөлж болзошгүй байна. 

Шилэн дансанд мэдээлэл оруулагч, хянагч, хэрэглэгчдийн түүвэр судалгаа

Зөвлөх үйлчилгээний нэр: Шилэн дансанд мэдээлэл оруулагч, хянагч, хэрэглэгчдийн түүвэр судалгаа
Байршил: Улаанбаатар
Захиалагч: Сангийн яам
Төсөл хэрэгжүүлсэн он: 2020
Төслийн товч танилцуулга:  Судалгааны зорилго нь Шилэн дансны хууль, журмын хэрэгжилт, шилэн дансны нэгдсэн цахим хуудасны ашиглалтын өнөөгийн байдлыг үнэлэх, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, цаашид сайжруулах чиглэлийг тодорхойлоход оршино. Судалгааны хүрээнд шилэн дансны системд мэдээлэл оруулагч, мэдээлэл хэрэглэгчдээс асуулга авч мэдээлэл оруулагч, хянагч байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан бүлгийн ярилцлага зохион байгуулсан. Мэдээлэл оруулагчийн судалгаанд Шилэн дансны тухай хуулийн 3.1-т заасан байгууллагуудыг хамруулсан бөгөөд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байгууллага, салбарын мэдээлэл оруулах болон оруулсан мэдээллийг хянан баталгаажуулах чиг үүрэг бүхий нягтлан бодогч, санхүүгийн ажилтан, дарга/захирал гэх зэрэг албан тушаалтнууд оролцсон. Мэдээлэл хэрэглэгчийн судалгаанд иргэд олон нийтээс гадна шилэн дансны системийн мэдээллийг хамгийн ихээр хэрэглэх боломжтой бүлэг болох их дээд сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, төсөв санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг тус тус хамруулсан. Хянагчийн судалгаанд Төрийн аудитын байгууллага болон Үндэсний Аудитын газар, орон нутаг дахь Төрийн Аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, аймаг/сумын ИТХ-ийн гишүүд, тухайн байгуулагын ХШҮДАГ/Хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдав. Мэдээлэл цуглуулалт 2020.02.19-2020.04.03 өдрүүдэд Улаанбаатар хот, Дорнод, Орхон аймагт болон цахимаар үргэлжилж нийт 1645 оролцогчийг хамрууллаа.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн эрсдэл, гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ

Зөвлөх үйлчилгээний нэр: Монгол Улсын санхүүгийн зах зээлийн эрсдэл, гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ
Байршил: Улаанбаатар
Захиалагч: Санхүүгийн Зохицуулах Хороо
Төсөл хэрэгжүүлсэн он: 2019-2020
Төслийн товч танилцуулга: Банкнаас бусад санхүүгийн салбарын эрсдэл, гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээг хийж гүйцэтгэх нь тус салбарын тогтвортой байдал, цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм. Олон улсын түвшинд хийгдсэн судалгаануудад үндэслэн банкнаас бусад санхүүгийн салбарын эрсдэл, гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээг дараах 3 үе шаттайгаар хийсэн. 1. Тоон болон чанарын үнэлгээ ашиглан дэд салбар бүрийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх; 2. Дэд салбаруудын гүйцэтгэлд нөлөө үзүүлдэг дотоод болон гадаад хүчин зүйлүүдийг тодорхойлох, тэдгээрийн болон эрсдэлийн түвшингийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөг үнэлэх; 3. Санхүүгийн салбарын харилцан хамаарал, харилцан нөлөөллийн зураглал хийх. Санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн, зах зээлийн, төлбөрийн чадварын, үйл ажиллагааны эрсдэлүүд бусад эрсдэлийн төрлүүдтэй харьцуулахад илүү түгээмэл тохиолддог. Эдгээрээс гадна нэр хүндийн, хуулийн, улс орны, комплаенсийн гэх зэрэг олон төрлийн эрсдэлүүд байдаг боловч ихэнх эрсдэлийн төрлүүдийг тооцоолон хэмжих боломж бага байдаг. Түүнчлэн тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, шинж чанартай холбоотойгоор эрсдэл бүрийн нөлөө, үр дагавар харилцан адилгүй байна.

Нийгмийн эгэх хариуцлага-залуусын оролцоо төсөл 2019-2020

Зөвлөх үйлчилгээний нэр: Нийгмийн эгэх хариуцлага-залуусын оролцоо   
Төслийн байршил, хамрах хүрээ: Улаанбаатар хот, Ховд аймаг, Дорнод аймаг, Дархан уул аймаг, Орхон аймаг 
Захиалагч: Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Швейцарын Хөгжлийн Агентлаг
Төсөл хэрэгжүүлсэн он: 2019 - 2020
Төслийн товч танилцуулга: Тус төсөл нь Дэлхийн банк, Швецарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй MASAM буюу Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн дэд төсөл бөгөөд бид хоёр дахь хичээлийн жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2019-2020 оны хичээлийн жилд оюутан, залуус өөрсдөд нь тулгамдаж буй эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаа тодорхойлж, гардан шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн эгэх хариуцлагын санаачлагын төсөл хэрэгжүүлэх уралдааныг Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод аймгуудад зохион байгуулсан бөгөөд төслийн уралдаанд нийт 108 багийн 300 гаруй оюутан, залуус оролцож шилдэг 12 төслийн баг шалгарсан.  Төсөл хэрэгжих 5 сарын хугацаанд шалгарсан 12 багийг удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж төслийн хаалтын үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулж шилдэг хоёр төсөл, багшаа тодруулсан. Шилдгийн шилдэг төслөөр Дорнод Их Сургуулийн Оюунтан багийн “Эрүүл шүд-Эрүүл оюутан” төсөл, Улаанбаатар хотоос оролцсон МУИС-ийн “Үзээд алдах уу” багийн “Шинжилгээг зуршил болгоё” төсөл тус тус шалгарч Ховд Их Сургуулийн “Эрүүл Ирээдүй” багийн чиглүүлэгч багш С.Хишигтогтох шилдэгээр шалгарлаа.
Төслийн талаарх нээлттэй мэдээлэл авах интернет холбоос:
https://www.facebook.com/promote.youth/

Нийгмийн эгэх хариуцлага-залуусын оролцоо төсөл

Зөвлөх үйлчилгээний нэр: Нийгмийн эгэх хариуцлага-залуусын оролцоо   
Төслийн байршил, хамрах хүрээ: Улаанбаатар хот, Ховд аймаг, Дорнод аймаг, Хөвсгөл аймаг, Дархан уул аймаг, Орхон аймаг 
Захиалагч: Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Швейцарын Хөгжлийн Агентлаг
Төсөл хэрэгжүүлсэн он: 2018 - 2019
Төслийн товч танилцуулга: Тус төсөл нь Дэлхийн банк, Швецарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй MASAM буюу Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн дэд төсөл бөгөөд засгийн газрын бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтанд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. 
Төслийн хүрээнд 13 олон нийтэд зориулсан лекц зохион байгуулснаас МУИС, СЭЗИС, ХУИС, ХААИС, ШУТИС гэсэн Улаанбаатар хотод байдаг 5 төрийн сургууль дээр 8 удаагийн лекцийг зохион байгууллаа. Мөн Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл гэсэн 5 аймагт олон нийтийн нээлттэй лекц болон мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулав. Төслийн хүрээнд нийт 1044 оюутан, залуус лекц болон мэтгэлцээнийн тэмцээнд хамрагдсан байна. Түүнчлэн нийт 7 удаа парламентын мэтгэлцээний тэмцээнийг Улаанбаатар хотын 5 их сургууль болон сонгогдсон аймгуудад зохион байгууллаа. Бид улсын хэмжээнд эссе бичлэгийн уралдаан зарласан бөгөөд нийт 43 эссе хүлээн авсан. Төслийн хаалтын үйл ажиллагаагаар сургуулиудын аваргуудын дунд мэтгэлцээн зохион байгуулж улсын  хэмжээний аварга шалгаруулсан ба шилдэг 10 эссег нэгдсэн байдлаар хэлэлцүүлэн шилдэг 3 байрыг тодруулсан. 
Төслийн талаарх нээлттэй мэдээлэл авах интернет холбоос:
https://www.facebook.com/promote.youth/

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мөнгө угаах, терроризмийг санхүүжүүүлэх эрсдэлийг үнэлэх судалгаа

Зөвлөх үйлчилгээний нэр: Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мөнгө угаах эрсдэлийг үнэлэх судлагаа   
Байршил: Улаанбаатар хот, 
Захиалагч: Санхүүгийн Зохицуулах Хороо
Төсөл хэрэгжүүлсэн он: 2018
Төслийн товч танилцуулга: Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Үл хөдлөх хөрөнгө зуучлал, барилга, орон сууц борлуулдаг байгууллагуудаас мөнгө угаах эрсдэлийн түүвэр судалгаа авах асуулгыг боловсруулж, улмаар түүвэр судалгаан дээр үндэслэж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг байгууллага тус бүрээр болон салбарын хэмжээнд хийсэн.
Энэ ажлын хүрээнд үл, хөдлөх хөрөнгийн зуучлал, борлуулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг гаргаж, эрсдлийг үнэлж, үнэлгээний үр дүнд болон олон улсын сайн туршлагад үндэслэн зөвлөмж боловсруулсан. 

Төгрөгийн бодит ханшийн тооцоолол, худалдааны нөхцөлийн индекс тэдгээрийн Монгол Улсын өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөөллийн судалгаа

Зөвлөх үйлчилгээний нэр: Төгрөгийн бодит ханшийн тооцоолол, худалдааны нөхцөлийн индекс тэдгээрийн Монгол улсын өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөөллийн судалгаа
Байршил: Улаанбаатар хот, 
Захиалагч: Сангийн яамны Бодлогын Судалгааны Зөвлөл, Эдийн Засгийн Тэгш Өсөлтийг Хангах Сайн Засаглал (EG4EG) төсөл 
Төсөл хэрэгжүүлсэн он​​​​​: 2018
Төслийн товч танилцуулга: Энэхүү судалгааны ажлын хүрээнд Сангийн Яам болон холбогдох байгууллагуудад гадаад худалдааны нөхцөл, бусад гол эдийн засгийн үзүүлэлтүүдтэй нийцтэй бодит ханшийн үнэлгээг гаргаж өгсөн. 
Судалгааг хийх явцдаа төслийн баг нь макро эдийн засгийн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэх, ойлголтыг сайжруулахад Сангийн яамны холбогдох ажилтнуудтай нягт хамтарч ажилласан.

2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт үр дүн

Зөвлөх үйлчилгээний нэр: 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт үр дүн
Байршил: Улаанбаатар хот, 
Захиалагч: Монголбанк
Төсөл хэрэгжүүлсэн он​​​​​​: 2018
Төслийн товч танилцуулга: 2017 онд ямар зорилтыг тавьж ажилласан, эдийн засгийн төлөв байдлыг яаж харж шийдвэр гаргасан, уг шийдвэр нь эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн болохыг судалсан. Түүнчлэн 2017 онд Монголбанкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх бодит нөлөө ямар байсныг олон улсын мөнгөний бодлогын шинжилгээнд нийтлэг ашигладаг Мөнгөний бодлогын төлөвийн индексийн үнэлгээг хийж харуулсан.
 

"Тайван Зогсоол” Техник, эдийн засгийн үндэслэл

Зөвлөх үйлчилгээний нэр: Нүүрс тээврийн 2500 авто машины багтаамжтай машинуудын авто зогсоол “Тайван Зогсоол”-ын техник, эдийн засгийн үндэслэл 
Байршил: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг
Захиалагч: Түгээмэл Түмэн Хишиг ХХК 
Төсөл хэрэгжүүлсэн он: 2017 - 2018
Төслийн товч танилцуулга: Энэхүү судалгааны ажлын хүрээнд Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн нүүрсний замын дагуу Ханбогд сумын Хайрхан багийн нутагт  2500 машины багтаамжтай нүүрс тээврийн машинуудын авто зогсоолын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.